My space











{2 сар 05, 2010}   Миний өвөө эмээ

Өвөө эмээгийнхээ хайранд өлгийдүүлж өссөн дөө

Өлгийтэй нялхаасаа та хоёртоо эрхэлж торнисон доо

Өвөр дээр нь суугаад баясан тоглож өссөн дөө

Өр нимгэн сэтгэлийг нь өвлөж торнисон доо

Үд болтол унтаж үхрийн дуунаар сэрдэг гэж

Өвөө минь намайг цаашлуулдаг сан

Үеийн хүүхдүүдээс илүү ухаантай мундаг гэж

Өвөө минь намайг магтдаг сан

Үлгэр домог ярьж өгөөд бидэнтэй бужигналдан

Өргөө гэртээ өвөө минь жаргал дууддаг

Үдэш ажлаасаа тарж ирээд чихэр жимс тараан

Өнөр гэр бүлдээ эмээ минь буян далладаг

Өвлийн хүйтэн тэсгим жавартайд, өвөө таныхаа

Үнэгэн дээлний тань илчинд дулаацдаг байв

Ширүүн бороотой зуны өдрүүдэд, эмээ таныхаа

Шилж авчирсан гутлаар бид гоёдог байв

Өргөө гэрийнхээ хоймрыг дүүргэн налайх

Өндөр өвөө минь үнэндээ уул шиг өндөр, түшигтэй

Өөдөсхөн биднийг хайрлан халамжлан тэтгэх

Өршөөлт эмэг минь түмэндээ өндөр ээж шиг буянтай

Гал дээр гарсан зээ минь гээд намайгаа

Гар дээрээ бөмбөрүүлж өсгөсөн ачтангууд минь

Эрдэмтэй мундаг хүн болно доо гээд намайг

Энхрийлж торниулсан хоёр шүтээн минь

Хайрын дээдийг та хоёроосоо л хүртсэн дээ

Халуун ам бүлдээ жаргаж өссөн дөө

Хатууг зөөллөн ухааруулж торниулсан даа

Хамгаас илүүг зааж сургасан даа

Номтой нөхөрлөвөл сайн хүн болно гэж

Номхон даруу зантай бай гэж

Үеийн нөхөдтэйгээ эвтэй байхыг

Үлгэрлэн надад заасан юм

Өндөр дээд ачлалд тань талархаад баршгүй

Өвөө эмээ хоёр минь

Өргөн их хайрыг тань хариулж чадаагүй л явна

Өөдөсхөн охин чинь!

Хавар шиг ирээд намар шиг буцдаг хорвоод

Хайртай өвөө эмээтэй минь учруулсан хувь тавиландаа талархнам



{2 сар 05, 2010}   Аавдаа

Орчлонгийн дарууг миний л аав илтгэнэ

Олны дунд даруу л байхыг эрхэмлэнэ

Хонгорхон үрсдээ хайраа нууцхан түгээнэ

Ховорхон төрсөн гүндүүгүй сайхан аав минь

Тээврийн жолоо мушгиж алсын аяныг ч зорино

Тэнхээ чадал сорьсон түмэн ажил ч амжуулна

Тэнд ч, энд ч аавыг минь залж гарын дүйг нь шагширна

Тэглээ гээд миний аав үнэрхэж яваагүй юм аа

Үрийн үрсээ хараад үнэн зүрхнээсээ баярлана

Өөрийг нь дуурайсан тэднийгээ өр нимгэрэн эрхлүүлнэ

Өглөөд эртлэн босч, орой хожуухан хажуулдаг ч

Үглэж, ядарч байхыг нь үнэндээ би хараагүй ээ

Унаган багаасаа ижилдсэн ханийнхаа ганц түшиг

Удам залгасан үрсийнхээ түшиж тулах нөмөр

Өнөр олон ах дүү нарынхаа гол дундах нь болсон

Өрөвчхөн, ухаалаг аав минь зуу наслаарай, та

Дуугүй, даруу хүн шүү гэж зарим нэг нь гайхна

Дуутай шуутай байх үе хүнд бас байдгиймаа

Дулаахан гэртээ олонтойгоо бужигналдаад

Дуулж, уйлж явсан үе миний аавд байгаа

Багын найзуудаасаа одоо хэр хөндийрөөгүй

Байлдагч явсан үеэ ч өнөө болтол мартаагүй

Баяр ёслолын үеэр тансаг зоог бэлдчихдэг

Багагүй авъяастай энэ хүн бидний аав юм шүү!



{8 сар 29, 2008}   Налгархан намар аа…

Наран ээжий дэлхийдээ улам ойртон дотносч
Намуун зөөлөн аясаараа тайтгарлыг бэлэглэлээ
Намайг бас бусдыг ч халуун элгэндээ энхрийлж
Найрсаг дулаан амьсгалыг чихэнд минь шивнэлээ

Алтан шаргал навчсаа ганц нэгээр нь хаялсаар
Амьдрал эргэх хугацаа өнгөрөн байгааг сануулсаар
Алгуур тайван аясыг намар хэдий үзүүлэвч
Аажимдаа харин түүнийг улам бүр хурдлуулах мэт…

Элбэг баян намар цаг идээ будаагаар арвин
Энхрий ялдам хосын хурим найраар дүүрэн
Эрхэт Монголын далбаа дэлхийд гайхагдсаны баяр
Энэ намар цаг сайхан бүхнийг өртөөлөн авчирлаа

Жил бүрийн намар цаг алтран шаргалтана
Жинхэнэ тайтгарал, хөнгөн гунигийг мэдэрнэ
Жирийн биш амьдралын баяр баяслыг хайна
Жил жилээр алсрах насны намар намбалагжина

Усны шувууд нуураа эргээд ганганан буцавч эргээд л ирнэ
Уулсын өнгө шаргалтан навчсаар уйлавч эргээд л ургана
Ухаант хүн намар намраар насыг нэмэвч улам л ухаажна
Урьхан намар улиран одовч эргээд л айлчлана, алтран шаргалтана…

2008 оны 8 дугаар сар 28



{6 сар 19, 2008}   Чиний зүгт …

Тэр зүгийн тэнгэр сайхан
Тийм ээ, энэ бол яах аргагүй үнэн
Тэр зүгийн салхи нь ч намуухан
Тэгээд бас нар, саран гоёлтой
 
Түнэр харанхуйд ч одод тэнд л байх шиг
Түг түмээрээ гялалзан харагддаг 
Түр зогсоод хэсэг зуур ширтэхэд
Түмэн бодолд намайг умбуулдаг

Тийм ээ, тэр зүгт миний хайртай хүн байдаг
Тэнгэрлэг сайхан монгол эр хүн байдаг
Тэнхээтэй төрсөн монгол бөхийн удам байдаг
Тэнүүн сэтгэлтэй миний сайхан хайр байдаг



{6 сар 19, 2008}   Би чамд хайртай…

Гэгээн хорвоод гэрэл бэлэглэх гэж
Гэнэт мандсан нар шиг чи ирсэн…
Аниргүй харанхуйг чимэглэх гэж
Асан гийсэн сар шиг чи ирсэн…

Ус шиг цалгисан орь залуу насны
Урилгагүй зочин болж чи ирсэн ч
Ухаан, хайр, алив сайхан бүхнээрээ
Учрал, баяслыг надад бэлэглэсээн …

Гараас чинь атгаад хорвоог туулахад
Ганцхан би хорвоод жаргалтай байх шиг
Гансарч хааяа уйдан ганцаардахад
Ганцхан чамаар л дутагдан байх шиг

Зүрхээ үнэхээр чамдаа л нээж дээ, би
Зөвхөн чамд бишрэн дурлаж дээ, би
Зүүд нойрыг минь эзэмджээ, чи
Зүгээр л дэргэд минь байгаач, хайрт минь

Чамд би хайртай
Үргэлж хайртай…

Зүгээр л би чамдаа ингэж хэлэхийг хүснэм
Зүрх минь чамд ямар их хайртайг чи мэд
Зөвхөн энэ хайраараа бид жаргалтай амьдарна
Зөөлөн, уяхан замбуулинд түүхээ үлдээнэ

Хайр гэдэг агуу гэдгийг бүгд мэддэг ч
Харин түүнтэй учрахаараа илүү ойлгодог
Ерөөс энэ л “хайртай” гэдэг үг
Ертөнцийн төгсгөлтэй л хамт алга болох биз ээ

Хайртай…



{6 сар 19, 2008}   Сонгууль аа гэж…

Сонгууль дөхөөд цаасанд умбаж байнөө. Манай хамаатны айл /залуус голдуу/ бүр гэрт нь орсон чинь бүх нэр дэвшигчдийн брошурыг ханаа дагуулаад өлгөчихсөн, ингэдэг нь яаж байгаан гэсэн чинь Хөөрхийс зөндөө л мөнгө зарлагадаж энийгээ хэвлүүлж байгаа, хэдэн хүнд ч болтугай хүргэе, ер нь бол бүгдэд нь зориулаад гэрээ сонгуулийн штаб болгосон ч яахав маягийн юм ярьж инээлдээд, “хөөрхий” нэр дэвшигчдийг даапаалж суух. Тэгээд тэрнээсээ их кайф авч байнаа. Энэ нь их сахалтай, тэр нь царайлаг, тэр нь стильний юм гээд л. Бас тэр тийм юм өгсөн, тэр юу ч өгөөгүй… Үнэндээ сонгуулийн сурталчилгааг нэг дэвшигчид хэвшмэл байдлаар хийхээ болих цаг иржээ. Цаас тараагаад ямар ч нэмэргүй. Одоо томсгосон тойрог болсон учир 30-40-өөд хүн нэг тойрогт өрсөлдөж байна. Тэр бүх хүний цааснууд овоороод ирэхээр ажилгүй хүн ч уншаад барахгүй, тэгээд ч тэр нь ойролцоо утга агуулгатай мөрийн хөтөлбөр болон тэдний намтраас хэтрэхгүй. Харин зурагнуудаа янзан бүрээр авахуулцгаажээ. Хэ хэ. Эндээс харахад харин Монголд гэрэл зургийн хөгжил өмнөх сонгуулийн жилийг бодоход хамаагүй сайжирсан юм даг уу даа. Пиджакаа тайлаад хуруундаа тохчихсон /бараг эргүүлээд шидэх гэж байхынхаа өмнө даруулсан/, бодлогоширсон, хөмсгөө зангидсан, тас гөлөрсөн, хальт инээвхийлсэн г.м… Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл шинэлэг маягийн сонгуулийн сурталчилгаа үгүйлэгдэж байнаа. “Амьтны” анхаарлыг татсан, алив юу юм, хэнийх юм гээд чихээ тавьж, анхаарлаа хандуулмаар тийм л сурталчилгаа дутагдаж байна. Нэр дэвшигчид тус бүртээ сонгуулийн штабтай, хариуцсан менежер, ухуулагчидтай боловчиг тэд нар нь сайндаа л сонин хэвлүүлж, брошур тараахаас хэтрэхгүй байна. Бас нээх сонин, нэр дэшигчийн том оо зурагтай плакатыг айлуудад хүчээр тараана, хүүхдэд нь өгч оруулаад ч юм уу, хаалган доогуур нь шургуулаад. Мэдээж юу гэж айлууд тэр болгоны зургийг түрүүнийх шиг даапаалах гээгүй л юм бол гэртээ наахав дээ. Тэгээл хогийн сав руу гоол. Хогийн сав гялс дүүрээд бөөн ажил. Тэрний оронд нэг алдартай хүний ч юм уу гоё байгалийн зурагтай календарьтай плакат хэвлүүлээд нэг буланд нь жижигхээн /сэмээрхээн/ өөрийнхөө зургийг уриа энэ тэртэйгээ гялс оруулчуул харин айлын хананд наагдах аз тохиож магадгүй шүү.
Тэгээл бас нөгөөдүүл чинь сайндаа л машинаар хотын гудамжаар тойрч, цагаан хоолойгоор юу ч юм “орилж” явна. Тэрий нь сонсохоор нээх сонин, нөгөө дээр үеийн “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” кино санаанд ороод… “Бууж өг, бууж өг” гээд байгаа ч юм шиг. Хэ хэ. Хальт сонсоход аймар урт сунжирсан юм л яриад байх шиг байгаан. Тэгээд одоо тэр машиныг нь дагаж гүйхгүй л юм бол юу яриад байгааг нь яаж ч ойлгохийн бүү мэд ээ.  
Бас зарим нь халуун наранд зарим хүмүүсийг шууд амьд самбар болгоцон. Өглөө ажилдаа ирж байтал замын хажууд нэг охин “Шинэ үе ирлээ” гээд хулдаасан дээр хэвлэсэн уриа бариад номхон зогсчихсон, яг л цовдлуулсан Прометей шиг. Цаана нь бас нэг хүү мөн л тэгээд зогсч байна, бодвол оюутан л байх. Тэр нь юун сурталчилгаа байхав, хараад бараг уур хүрч байгаам чинь арай хэтэрхий юм аа гэж бодоод. Бас нэг товарищ баруун 4 замаас цаашаа замын 2 талаар бүр аймар урт цуваа үүсгэцэн байна гэнэ. Тэдгээр хүмүүс /бодвол оюутнууд л байх/ шар цамц өмсөөд /ядаж байхад замын цэвэрлэгчийнх шиг/ тэгээд хоёр л юм ээлжлээд сөөлжлөөд барьсан, тэр нь нэр дэвшигчийн жаазтай зураг, нөгөө нь тэр нөхрийг сонгоцгооё оо гэсэн уриа байсийн байна. Харин харсан үзсэн хүмүүс нь ихээхэн айж цочирдож, балмагдсан сурагтай. Учир нь эхлээд жаазтай зураг хараад нэг хүн хөөрхий ум мани бадми хум болчиж дээ гээд маань уншиж, тэгснээ уриа лоозонг нь хараад бас л нэг жагсаал цуглаан болж байна гэж бодож. Гэтэл яав, тэр нь ердөө л сонгуулийн сурталчилгаа байсан байна. Ийм л байна даа. Бас нэр дэвшигчид чинь хөөрхөөн. Ижил нэртэй хүмүүс нэг тойрогт нэр дэвшиж андуурагдахыг бас хүсч байгаам байналээ. Нэг тойрогт 3 ширхэг Алтай, 2 ширхэг Болд, хэдэн ширхэг хэн билээ дээ зөндөө л тийм юм байсан.
Манай тэр хавийнхан бол бүгд сонгуулиар амьсгалчихсан, таньдаг хүмүүс ихэнх нь янзан бүрийн уриатай, шар, ногоон хувцаснууд өмсгөөцөн хаалга үүд балбаад сонин тараагаад явж байх жишээтэй, эмээ өвөөгий маань зүгээр гэрийнхээ гадаа сүү аваад явж байхад нь бараг хүчээр машинд суулгаж авч яваад нэр дэвшигчдийн уулзалтанд суулгачих гээд байгаан биш үү.
Арай өөрөөр бусдаасаа ялгарах ухаан тэр олон сургууль соёл дүүргэсэн эрдэм номтой, их юм үзэж нүд тайлсан нөхдүүдэд байдаггүй л юм байх даа, ингэж хүмүүсийг залхаах ч гэж, асаахаар л дандаа нэг пиджактай нөхөр малийгаад ярилцлага өгч байдаг болсон болохоор тв-ийгээ үзэхээ больсон, радио, сонин энэ тэр ч ялгаагүй. Бүр миний амьдралын хэвшилд хүртэл нөлөөлнө, лайтай, орой дуртай киногоо үзчээд унтдаг байхгүй юу уул нь, тэгсэн чинь өмнүүр нь “Нүүр тулсан ярилцлага” гээч нэвтрүүлэг хэд дахиж гарсны дараа арай гэж шөнийн 1 цагт нөгөө кино маань эхэлнэ, гүрийгээд үзчихийн бол 2 өнгөрөөж унтаад өглөө нь босох гэж өөрийгөө хахуульдахаас наахнуур юм болж байж арай гэж өндийгөөд ажилдаа хоцорч очно. Манай найзууд хүртэл зурагт үзэх гэхээр үзэх юм олдохгүй байна гээд үглэж л байсан. Тэгээд зурагтаа үзэхгүй, чөлөөт цагаараа хийх юмгүй хүмүүс чинь гарч тэнэдийм байгаа бид дээ. Энэ чинь сонгуулийн нэг үр дагавар шүү дээ. Зүгээр хоол идээд цайны газар сууж байхад хүртэл нэг уулзалтын урилга авчраад өгчинө, Эгч ээ би энэ тойрог биш шдээ гэхээр Зүгээр ээ ав ав гээд орхичоод яваад өгнө. Нээх бэлэг өгч байгаам шиг. Хэ хэ.
Тэхээр монголд нэг асар том зах зээлийн орон зай онгорхой байгаа нь харагдаад байгаам л даа. Тэр юу вэ гэвэл мэргэжлийн чадварлаг PR-чид. Нэр хүндтэй, бусдаас ялгарч чаддаг, бас бусдыг ялгаруулж чаддаг, ажлаа мэддэг шижигнэсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн PR агентлаг байгуулахад сонгуулийн үеэс гадна бусад үед ч бизнесийн байгууллагын захиалгад дарагдаж, толгой өндийхгүй ажиллах боломж бий гэж миний хувьд боддог юм аа.
Энэ жилийн хувьд Батын Батбаатар үлгэрийн CD тараасан нь арай гайгүй шинэлэг ч юм шиг. Одоо цагт компьютергүй айл ховор болсон болохоор тэрий нь сонсоод… тэхдээ бас нэг юм бий. Арван ширхэг үлгэр байхад арвуулангийнх нь ард нэг жаахан хүүхэд “Батбаатар ах аа баярлалаа” гэж хэлдийн. Хэ хэ. Тэрий нь бүр жаахан хүүхдүүд сонсоод шоолоод байгаам чинь. Багаасаа бас сонгуулийн сурталчилгааны бай болж байгаагаа мэдээд байх шиг байгаам аа. Үлгэрий нь сайн анхаарч сонсохгүй харин үлгэрээ дуусангуут батбаатар ах аа гэдгий нь сонсоод шоолж инээлдээд дууриаж хэлээд… мэдэхгүй ээ мэдэхгүй. Нэг бодлын зүгээр ч юм шиг, үгүй ч юм шиг. Нэг ах юм уу аниа юм уу бас морин тэргээр сурталчилгаагаа явуулсан гэнэ. Тэргэн дээр мэдээж нэг хүн зургий нь бариастай, цагаан хоолойгоор намтар түүхий нь уншаастай…. лайтай айн. Бас нэг хүн 00-ын цаасан дээр нэрээ бичиж тараасан гэсэн. Тэр хэдийгээр бусдаасаа аймар спешиэл ч гэсэн аав ээжээс заяасан нэрээ золиосонд гаргажээ гэж. Тэрний оронд сальфеткан дээр байсан бол арай дээр ч юм уу. Бас цаган дээр, аяган дээр, дэвтрэн дээр, календарь дээр, бугуйвчин дээр, торон дээр, маузны тавиур дээр, цэцгийн вааран дээр, сэвүүрэн дээр нэр мэр уриа муриагаа бичээд өгсөн бол маниус байнга хараад цээжлэх ч байсийн бол уу. Бүр ижилхэн нэртэй байсан ч овог энэ тэрий нь мартахгүйгээр. Хэ хэ. Бас машин дээр, байшин дээр… тэгвэл бүүр насаараа мартахгүй ээ… гээд байхгүй юу.  Хэ хэ. За тэр ч яахав, тоглоом, бас мөрөөдөл.
Нэр дэвшигчид маань үнэхээр жинхэнээсээ санаандгүй ийм гомо үйлдлүүд хийгээд байгаам уу, эсвэл хөөрхийс ядарч стресст орсон ард түмнээ сонгуулийнхаа сурталчилгааны үеэр инээдий нь жаахан хүргээдхий гэж бодоод байгаам уу ямар ч л байсан зарим сонгогчдын хөх инээд хүрч, харин заримынх нь бүр уур хүрч байгаа гэсэн шүү. /Массын дундаас мэдээлэхэд/. 
За за үг олдож, үхэр холдлоо, үндсэн ажлаа хийе. 
Эцэст нь хэлэхэд, нөгөө нэг Цаг цагт нэг цадна Цагаан сараар нэг цадна гэдэг шиг, хэ хэ, Ард түмэн маань
Дөрвөн жилд бид нэг оодорно
Төрийн эзэд гэдгээ хальт мэдэрнэ
гэцэн явж байна лээ, цаана чинь.
Сонгууль монгууль нь яшиг хурдан болоосой зүгээр, амар жимэр аж төрөх юм сан гэж…



{4 сар 22, 2008}   Ээждээ

Би эмэгтэй хүнийг шүтдэг, эх хүнийг шүтдэг гэж
Эрхэмсэг найрагч нэгэнтээ дуун алдсан шиг
Ээжийгээ бас бүсгүйчүүдийг шүтдэггүй хүн
Энэхэн алаг хорвоод ер үгүй биз ээ
Хорвоод мэндлэхэд тосож угтсан гар ижийнх
Хооллож ундлан өсгөн торниулсан ачлал ижийнх
Хүнээс дутахгүй хүн болоосой гэсэн хүсэл нь ч ижийнх
Хүү минь том болжээ гээд үнссэн энхрийлэл нь ч ижийнх
Гарынх нь цайг уухад бүх бие минь сэргэдэг
Галынх нь илчинд амрахад алжаал тайлж тайтгардаг
Гараад алс явахад нь гэр бүхлээрээ эзгүйрчихдэг
Галын бурхан ээжийгээн шүтэхгүй гээд ч яах билээ
Хорвоогийн олон асуудалд сэтгэл юу минь алжаахад
Хонгор ээжийдээ очоод үнсүүлэх нь нэг сайхан
Хоног хоногоор урсан одох цаг хугацааг аргамжаад
Хором ч болтугай тантайгаа хамт байхыг хүсдэг шүү ээж ээ
Насны наран хэвийсэн ч наддаа та минь үргэлж залуугаараа
Намбалаг дөлгөөн аашаараа үргэлж бидэндээ түшигтэй
Нартын жамыг дагаад санчигны тань үс бууралтлаа ч
Нар шиг үргэлж туяарч харагдах юм даа, бидэндээ
Үр чинь жаргалтай цэнгэлтэй явахад ч та минь
Үргэлж сэтгэлээ чилээх л юм даа, тэднийгээ л гэж
Үд хүртэл унтах тэнэгхэн үрээ л гэхдээ
Үүрээр босоод цай хоол аялуулах л юм даа, өлсөх вий гэж
Насны намрыг аавтай минь цуг угтахдаа та минь
Найрсаг цагаахан сэтгэлээрээ үргэлж сүлж ирсэн шүү
Нарны үнэртэй амтлаг цайгаа өглөө бүр чанахдаа та минь 
Найман зовхист сайныг ерөөж орчлонг ивээж ирсэн шүү
Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэгчлэн 
Эвий ээжийгээ би ачилж ер нь чадлуу даа
Энэ л амьдралыг надад бэлэглэсэн ижийдээ
Эн тэнцэх бэлэг барьж чадсан гэж үү дээ
Шүлгээрээн тандаа өргөл барья гэж би зориглолоо
Шүтээн ээжийдээ барьж чадах хамгийн том бэлэг минь биз ээ
Шүүдрийн дуслаар цай чанаж өгөөгүй ч гэсэн хүү нь
Сүсэглэж сэтгэлдээ таныгаа дээдэлж явдаг шүү ээж ээ
Урт наслаарай ээж минь, удаан жаргаарай
Удам залгасан үр ач нартаа сургааль юугаан хайрлаарай
Ухааны хат, хөдөлмөрийн амтыг ярьж өгөөрэй
Уяхан бүүвэйн дуугаа аялж өгөөрэй, ээж минь



{4 сар 22, 2008}   Улаан лиш цэцэг

Зуны халуун өдрүүд өнгөрөх тусам сэтгэлийн гүн дэх хөөрөл улам ихсэж байлаа. Цэрэгт явах өдөр улам ойртож байлаа. Харин өнөөдөр юу ч хийх сонирхол төрөхгүй нэг л уйтгартай байлаа. Тиймээс сэтгэлээ сэргээж тайвшрахын тулд суух дуртай номын сан руугаа явлаа.
Номын санд ороход өөдөөс угтдаг нам гүмд миний сэтгэл тайтгарлыг олдог юм. Урьдых шигээ тавиуруудын дундуур явж энэхүү түүхийн эхлэлийг тавьсан номыг олж авсан юм. Сонгосон номоо уншихаар нэг мухарт суулаа. Унших тусам улам автаж алсын алсад тасран одсон байлаа. Номонд гарч байгаа үйл явдлаас гадна миний анхаарлыг өөр нэгэн зүйл маш их татаж байв. Тэрхүү номыг надаас өмнө уншсан хүн өөрийн сэтгэлийн үгээ маш их уран уянгаар илэрхийлсэн байлаа. Номын талаар өөрийн санаа бодлоо илэрхийлж, мөн зарим зүйлийг нэмсэн нь миний сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Тэр битгий хэл би номыг биш дээрх тэмдэглэлийг шимтэн уншиж байлаа. Хийсэн тайлбар болон хүнд ойлгуулах гэсэн санаа нь миний сэтгэлийг бүр ч догдлууллаа. Тиймээ би тэр тэмдэглэлийг бичсэн хүнтэй танилцахаар шийдэв. Ийм сайхан бичсэн ийм бодолтой хүнтэй заавал танилцах хэрэгтэй гэж бодлоо.
Гарахдаа номын санчаас энэ номыг өмнө нь хэн уншиж байсныг асуусанд түүний нэрийг Мариа гэдгийг хэлэв. Мариагийн хаяг, утасны дугаарыг асуусанд хувь хүний талаар илүү мэдээлэл өгч чадахгүй гэлээ. Номын санчийг суудлаасаа босон явангуут би Мариагийн талаар бүх мэдээллийг маш хурдан хуулж авлаа.
Ингээд би маргааш нь Мариад захиа бичлээ:
“Сайн байна уу Мариа!
Энэ захиаг чухам яаж эхэлж, юу бичихээ би мэдэхгүй байна. Гэхдээ намайг Жек гэдэг. Таны хаягийг нийтийн номын сангаас нууцаар авчихсан юм. Учир нь би тэнд байсан нэг номыг уншиж байхдаа өмнө таны уншиж байхдаа дээр нь бичсэн тэмдэглэлүүдийг уншсан юм. Таны бичсэн тэмдэглэлүүд надад маш их таалагдсан учраас би тантай танилцахыг хүсэж байна. Гэтэл би 2 хоногийн дараа цэрэгт татагдаж байгаа учраас танд захидал бичиж үлдээхээс өөр зам надад байсангүй.
Хэрэв та миний найз болохыг зөвшөөрвөл би үнэхээр их баярлана. Хүндэтгэсэн …” гээд дугтуйн дээрээ буцах хаягаа бичээд явуулчихав.
Хэдэн 7 хоногийн турш түүнээс захиа хүлээнгээ цэргийн амьдралд дасаж байлаа. Нэг өдөр хүсэн хүлээсэн захидал минь ирж би гэдэг хүн гайхах баярлах зэрэгцэн дугтуйг сандран нээж захиаг уншлаа.
“Сайн байна уу Жек!”
Миний талаар тийм сайхнаар бодсонд тань маш их баярлалаа. Ийм найрсаг сайхан хандсанд баярлаж байна… Үнэнийг хэлэхэд таны энэ сайхан харьцаанд би үгүй гэж хэлж чадахгүйнээ … Түр баяртай…” гэсэн богинохон захидал байлаа. Тиймээ хэдийгээр маш богино байсан ч би үүнийг л хүлээж байсан юм. Тэр богино захиаг хэчнээн ч удаа уншсан юм бүү мэд. Ингээд бид хоёр найзууд боллоо. Номон дээр бичсэн энгийн нэг тэмдэглэл яв явсаар ийм сайхан учрал болсныг би гайхан шагшихын зэрэгцээ аз жаргалаар бялхаж байв.
Өдөр хоног өнгөрөх тусам Мариа бид хоёр бие биеэ сайн таньж улам дотносож, улам их захидал бичиж байлаа. Цаг хугацаа өнгөрч цэргийн албаны хугацаа дуусахад тун бага хугацаа үлдлээ. Би сүүлийн захиандаа сэтгэлээ нээхээр шийдэж цэргээс халагдахдаа хамгийн түрүүнд түүнтэй уулзах хүсэлтэйгээ бичихээр шийдэв.
“Сайн уу Мариа!
Чи бид 2 олон сарын турш захидлаар харилцлаа. Миний хувьд энгийн найзаар эхэлсэн үерхэл маань хайр сэтгэл боллоо. Би чамд хайртай… Чиний бодол санаа, бичсэн зүйл, мөрөөдөл энэ бүгдэд би бүгдэд нь хайртай. Тийм ээ би чамтай уулзахыг юу юунаас ч илүү хүсч байна. Хэрэв чи зөвшөөрвөл хоёр хоногийн дараа галт тэрэгний буудал дээр энгэртээ улаан лиш цэцэг зүүгээд ирээрэй. Уулзатлаа баяртай.”
Энэ захиагаа шуудангаар яаралтай явууллаа.
Галт тэргэн дотор явж байхдаа Мариагийн ирэх ирэхгүйг, царайлаг эмэгтэй болов уу үгүй юу гэж бодсоор явтал буух буудал дээр аль хэдийн иржээ. Цонхоор гадагшаа харсан боловч улаан лиш цэцэг зүүсэн эмэгтэй харагдахгүй байлаа. Галт тэрэгнээс буухад минь амьдралдаа хэзээ ч харж байгаагүй тийм хөөрхөн бүсгүй миний өөдөөс харан зогсож байлаа. Бараг л зүрх зогсох шахлаа. Түүний харцанд автахгүй байхын аргагүй. Ертөнцийн 7 гайхамшгийн нэг гэж энэ байх гэмээр. Гэнэт улаан лиш цэцгийг саналаа. Энгэр лүү нь хартал ямар ч цэцэг байсангүй… Үзэсгэлэнт бүсгүй над руу харан инээмсэглээд “Таныг хүсвэл хоёулаа тэр кафед суугаад цай ууж, танилцаж болно шүү” гэв. Түүний заасан кафе рүү хартал үүдэнд нь энгэртээ улаан лиш цэцэг зүүсэн нэг охин зогсож байх нь тэр. Урт саарал пальтотой, үс нь арзайсан, хамаг хувцас нь хайш яаш болсон тэр бүсгүйн энгэр дэх улаан лиш цэцэгт хамаг анхаарал минь төвлөрлөө. Тийм ээ олон сарын турш санаж, мөрөөдөж дурласан хайрт Мариа минь энэ байхнээ! Би гайхаж балмагдав. Би өөрөө өөртөө ч итгүүлж чадахгүй байлаа. Учир нь би ийм эмэгтэй байна гэж огтхон ч төсөөлөөгүй юм.
Нэг талд хэзээ ч дахин учрахааргүй тийм сайхан бүсгүй намайг за гэхийг хүлээж байхад, нөгөө талд зүрх сэтгэлд нь татагдан дурласан хайрт Мариа… Ухаан бодол минь самууран байна. Гэвч би ухаанаа цэгцлэн шиидлээ. Учир нь би Мариад дурласан шүү дээ. Тэгээд үзэсгэлэнт бүсгүйд хандан “Мөрөөдөн дурласан бүсгүй минь намайг хүлээж байна. Уучлаарай би тантай хамт явж чадахгүйнэ ээ!” гээд Мариагийн зүг алхав.
Дэргэд нь очоод мөрөнд нь зөөлөн хүрч “Мариа!” гэлээ. Бүсгүй бага зэрэг цочсон байдлаар эргэж хараад “Би Мариа биш. Та намайг өөр хүнтай андуурсан бололтой” гэх нь тэр.
“Тэгвэл таны энгэр дэх улаан лиш цэцэг ямар учиртай юм бэ?”
“Аа тэр үү, сая таны ярилцаж байсан эмэгтэй надад өгсөн юм. Тэгээд таныг ирвэл цай уухаар кафед хүлээж байгааг минь хэлээрэй гэсэн юм.” гэлээ.
Жекийн мөрөөдлийн бүсгүй нь тэр үзэсгэлэнт эмэгтэй мөн байжээ. Би гадаад дүрд авталгүйгээр анхны бодлоо даган явсан учраас Мариагийн сэтгэлийг дахин эзэмдэж чаджээ. Мариа Жекийн сэтгэлийн жинхэнэ эсэхийг мэдэхийн тулд ингэж шалгасан байж. Тэднийг аз жаргалтай сайхан амьдрал хүлээж байлаа.
Итгэл мөрөөдөлдөө үнэнч яваарай. Хэрэв та хэн нэгний сэтгэлд дурласан бол хэзээ ч алдахгүй. Тэр бол таны зөв сонголт юм.



{4 сар 22, 2008}   Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж…

Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж єгнє!
Туг,
   Сүлд,
      Тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу
Тулсан голомтоо

Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!
үр ачдаа хүлээлгэж єгнє.

Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,
Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй,
Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь
Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө!

Гал,
   Ус,
      Газар шороогоо
Гардаж авсны учир, бид
Ганц бус түм түмэн амиараа дүйж хамгаалсан!
Галдан бошигт, ван Магсаржав
Илдээ далайж босоогоороо нөгчсөн эрс,
Идэрхэн насандаа Монголоо аварсан Сүх
Ахиж олдохгүй эх орныхоо эс ширхэг бүхэнд
Алтан амь, хүсэл хайраа шингээсэн
Эх орон, хойч үеийнхээ тєлєє
Энэ бие дээдсийн тангаргийг давтнам.
Тужийн нарснаас эхэлсэн хувьсгалын түүх
Туган дээрх эртний бичээс, Сүхбаатарын гэрээстэй
Гучин ес, дөчин таван оны
Гуйвж дайваагүй ялалтын гэрчтэй
Эх орноо бид өвөг дээдсээсээ хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө,

Соёмбот тугаа гурван зууны тэртээгээс бидэндээ ирүүлсэн
Цогт хун тайжийг ч,
Сод ухаанаа хөх судартаа үлдээж, хойч үедээ илгээсэн
Суу билэгт Инжинашийг ч
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө!

Уулсыг өндөлзүүлж, ус голыг мэлмэлзүүлэх
Уяхан хоёр чавхдаст морин хуур, уртхан аялгуут дуугаа,
Уужим баянаараа хорвоо шигээр хорвоод тэнцсэн
Ухаант ардынхаа яруухан алдар МОНГОЛ нэрээ
Сансарт ниссэн гавъяа, атрыг хагалсан түүхтэйгээ,
Сайхан бүхнийг нэмж бүтээсэнтэйгээ
Ураг элгэнээ улам олон болгож,
Ус нутгаа улам сайхан болгож,
Тэнгэрээ цэлмэг, нараа тунгалаг хүлээлгэж өгнө!
Өвөг дээдсээсээ хүлээж авсан эх орон шүү!
үр ач минь ээ!
1978 оны 8 сарын 25

О.Дашбалбар Шидэт өртөнц I боть, 2003 он.
Хайрт аав Ж.Очирбатын гэгээн дурсгалд зориулав.



{4 сар 22, 2008}   Түүнийгээ бүү гомдоогоорой

Түүнийгээ бүү гомдоогоорой
Түвшин сэтгэлийг нь бүү алдуулаарай
Түмэн бодолд бүү автуулаарай
Төрөлх аашийг нь битгий өөрчлөөрэй

Хайртыгаа бүү гомдоогоорой
Халуун нулимсыг нь бүү урсгаарай
Хатан зүрхийг нь бүү шархлуулаарай
Халамж хайраараа битгий дутаагаарай

Уяхныгаа бүү гомдоогоорой
Усгал харцыг нь бүү сэвтүүлээрэй
Ухаалаг занг нь бүү ашиглаарай
Уйлах дууг нь битгий сонсоорой

Эр хүн бол түүний чинь хийморь нь гундчихна
Энхрийхэн бүсгүй бол зүрх нь зүсэгдчихнэ
Эрхэлж туньж хамтдаа ирсэн түүнийгээ
Эндэж битгий гомдоогоорой!




about

Ердийн нэг Дэлхий.нэт блог

Хуудас
Бүлэг
Архив
Мета